Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ИТХ

ГАЗАР ЗҮЙ

2014-10-10

Мал сүрэг бэлчиж идээшлэх, газар тариалан эрхлэхэд нэн таатай, ашигт малтмал, ой модны зохих нөөцтэй тус сум нь аймгийнхаа Алтанцөгц, Баяннуур, Бугат, Улаанхус сум болон Увс аймгийн Бөхмөрөн, Ховд сум, Оросын Холбооны Бүгд Найрамдах Горно-Алтай мужийн Хос-Агаш, Автономит Тува улсын Мөнгөн тайга районтай хиллэдэг бөгөөд Улаанбаатар хотоос 1980, аймгийнхаа төвөөс  110 км зайтай оршдог. 522194 га газар нутагтай үүнээс 502836 га буюу 96.3% нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүний 495652 га буюу 98.6% нь малын бэлчээр, 5800 га буюу 1% нь хадлангийн талбай 50 га тариалангийн талбай 1300 га буюу 2.6% нь атаржсан талбайтай.  Ойн сан бүхий газар 1522 га буюу бүх нутгийн 0.3% нь усан сан бүхий газар 15607 га буюу бүх нутгийн 3%-ийг тус тус эзэлдэг. Сумын нутгийн хамгийн өндөр цэгүүд нь далайн түвшингээс дээш Түргэний уулын оргил 4029 м, Нарийн голын эх 3918 м,  Хатуугийн эх Онгорхойн гол 3918 м өргөгдсөн бөгөөд өндөр сүрлэг, мөнх цаст уулуудтай. Хамгийн нам дор Ачит нуурын сав газар далайн түвшингээс дээш 1448 м өргөгдсөн байдаг. Далайн түвшингээс 1435-3500 м өндөр оршдог.
Эрс тэс уур амьсгалтай. Дулааны улиралд +35, хүйтний улиралд -40 хэмд хүрдэг.  Асгат, Улаан-уул, Дулаанхар, Ховд, Борхаг, Бураат нь ашигт малтмалын арвин их нөөцтэй. Ховд, Бөхмөрөн, Асгат, Түргэн, Бураат, Хавцал, Нарийн, Хатуу гол, Хэрээ, Холбоо, Цагааннуур, Ногооннуур зэрэг олон нууртай. Цэнгэг устай алдарт Ачит нуурын усанд төрөл бүрийн загас элбэг, хулс, зэгстэй. Нуурын зэгсэнд зэрлэг гахай элбэгтэй. Нуурын сав газар нь аймгийн хэмжээнд хадлан тэжээлээр хангах их нөөцтэй, газар нутгийн 5% нь ой мод, ан амьтан элбэгтэй болно. Ховд багийн нутаг газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Тус багийн Хар арал нь хус, улиас, бургас бүхий ойтой, мөн чацаргана, ховор амьтан, шувуу, өвс ургамал бүхий үзэсгэлэнт 10300 га талбайтай. Дэвлийн арлыг 2000 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор байгалийн нөөц баялагийг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах зорилготой байгалийн нөөц газраар тогтоосон.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%