Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ИТХ

СУМЫН ТҮҮХ

2014-10-10


Ачит нуурын хадлангийн их нөөцийг түшиглэн 1937 онд Ногооннуурт мал аж ахуйн машинт станц байгуулагджээ. Энэ үед Ногооннуур нь одоогийн Увс аймгийн Бөхмөрөн сумын харъяалалд байжээ. Өлгийн тал, Улаан хус сумын Хөх эрэгээс ОХУ-ын хилийн дагуу Үүрэг нуурын наана талын нутаг Бөхмөрөн суманд харъяалагддаг байжээ. Ховд голын зүүн талын нутаг Ховд аймагт харъяалагдаж байсан байна.

Амьдрах сайн орчинтой газар хүн, ард  цуглардаг жамаар 1935-1940-өөд онд Шинжааны нутгаас дүрвэж Монголд хөл тавьж Цагааннуур, Алтанцөгц, Жаргалант-Сагсай, Бахат, Булган зэрэг суманд ирсэн казакуудаас олон айл өрх Ногооннуурт дамжин ирж суурьшин нутгийн угуул ард түмэнтэй хамтран амьдарч эхэлсэн байна. Улмаар Хасын улаан чулуу гэдэг газарт 1948 онд Бага сургууль байгуулагджээ. Айл өрхийн тоо нэмэгдсэний дээр нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, засаг захиргааны шинэ өөрчлөлтийн дагуу Бөхмөрөн сумын баруун захын II баг, Хатуу, Түргэн, Тал, Ногооннуурын эхээр нутагтай Долоонхон буюу V, VI, VII багийнхан, Цагааннуур сумын IV, V, VI, VII, VIII, X, XI багтай өрх тусгаарлаж казакуудтай нийлж нэгэн айл өрх болж 1952 оны 8-р сард БНМАУ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 7 баг, 580 өрх, 9396 хүн ам, 42752 толгой малтай “НОГООННУУР” сумыг байгуулжээ. Сумын  нэрийг Хатуугийн амны адагт байгаа Ногооннуураар нэрлэжээ. Цагааннуур суманд 1955 онд 250 гишүүнтэй байгуулагдсан “Энх тайван” нэгдлийг одоогийн Бугат сумтай нийлүүлж 1956 онд 108 гишүүнтэй байгуулагдсан Партизан нэгдэл Ногооннууртай 1963 онд нийлсэн юм.  Сум одоо 7353 хүн ам,  1720 өрх, ...... малтай.  Одоогийн Ховд багийг 1959 онд Мандах нэгдэл гэж нэрлэн Ховд сумыг 7553 толгой мал, 42 өрхтэй тусгаарлан байгуулсан байна. 1961 онд Ховд сум татан буугдаж  эргээд Ногооннууртай нийлжээ.

Ногооннуур сум нь хөгжлийн жамаар өсөн дэвжиж 12 жилийн сургууль, Асгат, Улаанчулуу, Ховд, Чихтэй багуудад бага сургууль, хүний бага эмчийн салбар,  сум дундын эмнэлэг, цэцэрлэг, цаг уур, худалдаа бэлтгэлийн анги, зоо мал эмнэлгийн салбар, холбоо мэдээлэл, соёлын төв, банк, ШТС зэрэг төсөвт байгууллагаас гадна хөдөө аж ахуй, уул уурхай, газар тариалан, хайгуул, судалгааны компаниуд үйл ажиллагаа явуулж байна.PIC_4937

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%